02/11/2026
АЖИЛЧДЫН ЭРХ АШГИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ИДЭВХТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай удирдлагын багийн зарим гишүүний хамт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Мөнгөншагай тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.
✅ Уулзалтын үеэр Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нийгмийн шинжтэй цехүүдийг төрд шилжүүлэх бодлогыг илүү тодорхой болгож, ажилчдын цалин, нийгмийн баталгааг дордуулахгүй байх, ажлын байрны дарамт болон Хөдөлмөрийн хууль зөрчсөн гэх гомдол мэдээллийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний комиссыг Эрдэнэт үйлдвэрт ажиллуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлт тавив.
Мөн хүний нөөцөө тогтвортой хадгалах зорилгоор хуримтлал, даатгалын тогтолцоог бодлогын түвшинд дэмжих, хөрөнгө оруулалтын зардлыг ажиллах орчин, хөдөлмөрийн аюулгүй байдалтай уялдуулан авч үзэх, менежментийн төлбөрийг үе шаттай бууруулах эсвэл тооцох аргачлалыг шинэчлэх саналыг хөндлөө.
✅ Гүйцэтгэх захирал Б.Даваадалай нийгмийн цехүүдийг төрд шилжүүлэхтэй холбоотой асуудлыг үйлдвэрийн удирдлага, Үйлдвэрчний эвлэлийн холбоо харилцан зөвшилцөж шийдвэрлэх ёстойг онцолж, энэ нь тухайн байгууллагын дотоод шийдвэрийн хүрээний асуудал гэдгийг тэмдэглэлээ.
Хуримтлал, даатгалын тогтолцооны тухайд тодорхой санал боловсруулж, бизнес төлөвлөгөөндөө тусган хэлэлцүүлэх боломжтойг дурдаад, хууль эрх зүйн нийцлийг сайтар тооцох шаардлагатайг сануулав. Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний комиссоор судалгаа хийлгэх санаачилгыг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Тэрбээр ирэх онд төрийн өмчит компаниуд улсын төсөвт 3.5 их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэх зорилттой холбоотойгоор хөрөнгө оруулалтын зардалд тодорхой хязгаар тавих шаардлага үүссэнийг тайлбарлав. Гэвч ийм нөхцөл байдал удаан үргэлжилбэл уул уурхайн салбарын тогтвортой үйл ажиллагаанд эрсдэл учруулж болзошгүйг мөн онцоллоо.
Менежментийн төлбөрийн талаар Нэгдлийн хэмжээнд бодлогын шинэчлэл хэлэлцэж байгаа бөгөөд цэвэр ашгаас тооцох эсэх, өөр эх үүсвэр ашиглах боломж, менежментийн үйлчилгээний хүрээ, үнэлгээний зарчмыг тодорхой болгох чиглэлээр шийдэл боловсруулж байгааг танилцуулав.
Уулзалтын төгсгөлд талууд мэдээллээ нээлттэй солилцож, ажилчдын эрх ашиг, хүний нөөцийн тогвортой байдлыг хангах, үйлдвэрийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр нээлттэй хамтран ажиллахаар санал нэгдлээ.
#ЧингисХаанБаялгийнСанНэгдэл
Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо
#ТогтвортойХүнийНөөц
#ҮрАшигтайХамтынАжиллагаа