29/10/2026
Бодь даатгал ХК оноосон нэрээ “Богд даатгал” болгон өөрчиллөө
Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 449 дүгээр тогтоолоор “Бодь даатгал” ХК-ийн оноосон нэрийг “Богд даатгал” ХК болгон өөрчилсөнтэй холбогдуулан үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд зөвшөөрлөө.
Тус тогтоолын дагуу компанийн нэрийн өөрчлөлтийг холбогдох бүртгэлд тусгаж, Санхүүгийн зохицуулах хороонд ажлын 15 өдрийн дотор ирүүлэх үүрэг хүлээлгэжээ.
Мөн компанийн нэр өөрчлөгдсөнтэй холбоотой мэдээллийг хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, харилцагч болон даатгуулагчдад хүргэхийг “Богд даатгал” ХК-ийн гүйцэтгэх удирдлагад үүрэг болгосон байна.
⬆️ Энэ өөрчлөлт даатгуулагчдад хэрхэн нөлөөлөх вэ?
Тогтоол нь компанийн оноосон нэр болон үнэт цаасны бүртгэлийн өөрчлөлтийг зохицуулсан бөгөөд даатгалын гэрээ, нөхөн төлбөрийн үүрэг, компанийн өмчлөл өөрчлөгдсөн тухай тусгаагүй тул даатгуулагч нарт ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй болов уу.
Мөн компани нэрээ өөрчилж буй шалтгаанаа олон нийтэд хараахан зарлаагүй байна.
Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо