19/10/2026
TOKEN2049 Singapore 2026: Дижитал хөрөнгө ба уламжлалт санхүүгийн зах зээлийн уялдаа улам гүнзгийрч байна
2026 оны TOKEN2049 чуулганд Nasdaq, BlackRock, Franklin Templeton, Morgan Stanley, J.P. Morgan, CME Group зэрэг дэлхийн санхүүгийн тэргүүлэгч байгууллагууд идэвхтэй оролцсон нь дижитал хөрөнгө уламжлалт санхүүгийн зах зээлтэй нягт уялдаж, санхүүгийн салбарын хөгжлийн шинэ чиг хандлагыг тодорхойлж байгааг харууллаа.
Хэлэлцүүлгийн гол сэдвүүд:
* Бодит хөрөнгийг токенжуулах
* Хөрвөх чадварыг нэмэгдүүлэх
* Төлбөр тооцоог түргэн шуурхай, үр ашигтай болгох
* Хиймэл оюун ухаанд суурилсан эрсдэлийн удирдлагыг хөгжүүлэх
Nasdaq-ийн гүйцэтгэх захирал Адена Фридман Засгийн газрын бонд, хувьцаа, мөнгөний захын сан зэрэг санхүүгийн хэрэгслийг токенжуулах нь уламжлалт санхүүгийн системд ашиглалт нь хязгаарлагдсан олон арван тэрбум ам.долларын барьцаа хөрөнгийг чөлөөлж, дахин ашиглах боломж бүрдүүлж болохыг онцоллоо.
Энэ нь үнэт цаасны шилжилт хөдөлгөөн болон мөнгөн төлбөр тооцоог блокчэйн технологид суурилан уялдуулах замаар үнэт цаас хадгалах, клиринг хийх, төлбөр тооцоо гүйцэтгэх үе шатуудад үүсдэг саатлыг бууруулж, хөрөнгийн эргэлтийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн иргэд, байгууллагуудын зүгээс долоо хоногийн долоон өдөр, хоногийн 24 цагийн турш арилжаа хийх эрэлт нэмэгдэж байгаа нь эрсдэлийг бодит цагт хянах, зах зээлийн өөрчлөлтөд шуурхай хариу үйлдэл үзүүлэх хиймэл оюун ухаанд суурилсан технологийн хэрэгцээг нэмэгдүүлж байна.
Үүний зэрэгцээ АНУ-д батлагдсан GENIUS Act хууль нь төлбөр тооцоонд ашиглагддаг тогтвортой койны зохицуулалтын эрх зүйн орчныг тодорхой болгох чухал алхам болсон. Энэ нь институциональ буюу мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, дижитал хөрөнгийн зах зээлийн итгэлцлийг бэхжүүлэхэд түлхэц үзүүлэх боломжтой.
Эдгээр өөрчлөлтөөс харахад санхүүгийн зах зээлийн ирээдүй нь зөвхөн хөрөнгийг дижитал хэлбэрт шилжүүлэхэд бус, арилжаа, хөрөнгө хадгалалт, эрсдэлийн удирдлага, клиринг, төлбөр тооцоог харилцан уялдаатай, найдвартай дэд бүтцээр хангахад оршиж байна.
#ДижиталХөрөнгө #Токенжуулалт #ХөрөнгийнЗахЗээл #СанхүүгийнДэдБүтэц
Дэлгэрэнгүй мэдээлэл:
☎️Холбоо барих утас: (+976) 7000-0501
✉️И-мэйл хаяг: [email protected]
🌐Вэбсайт: www.ubx.mn
Энэ жилийн TOKEN2049 чуулганд Nasdaq, BlackRock, Franklin Templeton, Morgan Stanley, J.P. Morgan, CME Group зэрэг дэлхийн санхүүгийн томоохон байгууллагууд идэв...