30/10/2026
🌍 𝐌𝐚𝐜𝐫𝐨 𝐈𝐧𝐬𝐢𝐠𝐡𝐭
AI-ИЙН ЭРЭЛТ ӨСӨВ, ГЭВЧ ӨНДӨР ЗАРДАЛ ТЕХНОЛОГИЙН ХУВЬЦААГ УНАГАВ
АНУ-ын технологийн хувьцааны уналтын дараа 10 сарын 30-нд Азийн технологи, чип үйлдвэрлэгчдийн хувьцаа мөн уналт үзүүллээ.
10 сарын 29-ний хаалтаар Nasdaq Composite 1.4% буурч, Alphabet-ийн хувьцаа 12.6%-иар унав. Үүний дараа Amazon хаалтын дараах арилжаагаар 7% орчим, Intel 23 орчим хувиар унасан нь Азийн чип үйлдвэрлэгчдэд дарамт үзүүллээ.
Өмнөд Солонгосын KOSPI индекс Азийн өдрийн арилжааны явцад 5%-иас дээш унаж, аравдугаар сарын бууралт нь 17%-иас давлаа. Ердөө хоёр хоногийн өмнө SK Hynix-ийн тайлангийн дараа 6.6% өссөн KOSPI ийнхүү огцом буцаж уналт үзүүллээ.
➡️ ЯАГААД САЙН ОРЛОГО ХУВЬЦААГ ДЭМЖСЭНГҮЙ ВЭ?
AI бүтээгдэхүүн болон үүлэн тооцооллын эрэлт сулраагүй. Харин хөрөнгө оруулагчид орлогын өсөлтөөс гадна AI-д зарцуулсан хөрөнгө хэзээ ашиг, чөлөөт мөнгөн урсгал бий болгохыг илүү хатуу үнэлж эхэлжээ.
Alphabet-ийн Google Cloud орлого жилийн 103% өсөж, 30.7 тэрбум ам.долларт хүрсэн ч компанийн чөлөөт мөнгөн урсгал 9.1 тэрбум ам.долларын сөрөг дүнтэй гарсан. AI дэд бүтцийн зардал цаашид нэмэгдэх төлөв нь хувьцааны үнэд гол дарамт болов.
Amazon-ийн AWS орлого 39% өсөж, сүүлийн таван жилийн хамгийн өндөр өсөлтөө үзүүлсэн ч нэгж хувьцаанд ногдох ашиг зах зээлийн хүлээлтэд хүрсэнгүй. Мөн сүүлийн 12 сарын чөлөөт мөнгөн урсгал 42.4 тэрбум ам.долларын сөрөг дүнтэй гарчээ.
Amazon 2026 оны хөрөнгө оруулалтын төлөвөө өөрчлөлгүй 220 тэрбум ам.долларт хадгалсан бөгөөд 2027 онд үүнээс ч их хөрөнгө зарцуулахаар төлөвлөж байна. Иймээс асуудал нь AI-ийн эрэлт бус, уг эрэлтийг хангахын тулд гаргаж буй зардал хэдий хугацаанд өгөөж өгөх вэ гэдэгт төвлөрчээ.
➡️ INTEL ЯАГААД 23% УНАВ?
Intel-ийн гуравдугаар улирлын орлого жилийн өмнөхөөс 21% өсөж, 16.5 тэрбум ам.долларт хүрэв. Дата төв болон AI бизнесийн орлого 78% өсөж, нэгж хувьцаанд ногдох тохируулсан ашиг хүлээлтийг давжээ.
Гэвч дөрөвдүгээр улирлын орлогыг 15–16 тэрбум ам.долларт хүрнэ гэж төсөөлсөн нь гуравдугаар улирлын түвшнээс доогуур байв. Мөн компани PC зах зээлийн сааралт 2027 оны эхний хагас хүртэл үргэлжилнэ гэж анхааруулсан нь хувьцаанд хүчтэй дарамт үзүүллээ.
Тиймээс Intel-ийн уналтыг AI хөрөнгө оруулалтын зардлаар дангаар тайлбарлах нь өрөөсгөл юм. Компанийн богино хугацааны төлөв болон PC бизнесийн сулрал илүү хүчтэй нөлөө үзүүлэв.
➡️ ЭНЭ НЬ ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙТ УНАЛТ УУ?
Одоогоор уналт технологи болон AI-тай холбоотой хувьцаанд илүү төвлөрч байна. Эрүүл мэнд зэрэг хамгаалалтын салбарын хувьцаа харьцангуй сайн байсан нь хөрөнгө оруулагчид зах зээлээс бүхэлд нь гарч бус, салбар хооронд хөрөнгөө шилжүүлж байгааг харууллаа.
АНУ-ын технологийн хувьцааны уналт Азийн чип үйлдвэрлэгчдэд ч нөлөөлж, Samsung Electronics болон SK Hynix-ийн хувьцааны ханш буурав. Хоёр компани рекорд ашиг тайлагнасан ч хөрөнгө оруулагчдын анхаарал өнөөгийн ашгаас AI хөрөнгө оруулалтын ирээдүйн өгөөж рүү шилжсэн байна.
➡️ ТЕХНОЛОГИЙН ХУВЬЦАА УНАХАД БОНД ӨСӨВ
Эрсдэлээс зайлсхийсэн хөрөнгө оруулагчид АНУ-ын Засгийн газрын бонд руу шилжив. АНУ-ын Сангийн яамны албан үзүүлэлтээр хоёр жилийн бондын өгөөж 10 сарын 28-ны 4.67%-иас 29-нд 4.61% болж, 6 суурь нэгжээр буурав.
Арван жилийн өгөөж мөн 5.05%-иас 4.98% болж, 7 суурь нэгжээр буурчээ. Азийн дараагийн арилжаагаар 10 жилийн өгөөж 4.91% орчимд хүрсэн байна.
10 сарын 30-ны Азийн өдрийн арилжаагаар спот алт 4,000 ам.доллароос доош унав. Эрсдэлээс зайлсхийх урсгал энэ удаад алтнаас илүү АНУ-ын Засгийн газрын бондод төвлөрлөө.
Харин Brent газрын тосны үнэ геополитикийн эрсдэлийн улмаас баррель нь 116 ам.доллар орчимд хүрэв.
💡 𝐎𝐜𝐡𝐮𝐧 𝐕𝐢𝐞𝐰
Энэ уналт AI-ийн эрэлт дууссаныг харуулахгүй. Google Cloud, AWS болон дата төвийн орлого хүчтэй өссөн хэвээр байна. Харин зах зээл “өсөлт ямар зардлаар бий болж байна вэ?” гэсэн асуултад илүү их ач холбогдол өгч эхэллээ.
AI-д их хэмжээний хөрөнгө зарцуулж буй компаниудын хувьд орлогын өсөлт дангаараа хангалтгүй. Чөлөөт мөнгөн урсгал, өрийн өсөлт, хөрөнгө оруулалтын өгөөж болон зардлаа нөхөх хугацаа хувьцааны үнэлгээг тодорхойлох гол үзүүлэлт болно.
Урт хугацааны бондын өгөөж аравдугаар сард буурсан ч абсолют түвшнээрээ өндөр хэвээр байна. Хэрэв санхүүжилтийн өртөг хангалттай хурдан буурахгүй, мөнгөн урсгалын дарамт нэмэгдвэл зарим AI дэд бүтцийн төслийн хэрэгжилт удаашрах эрсдэлтэй.
Монголын хувьд AI дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь зэсийн урт хугацааны эрэлтийг дэмжих хүчин зүйл. Харин технологийн хөрөнгө оруулалт огцом саарвал дэлхийн өсөлтийн хүлээлт болон зэсийн үнэд богино хугацааны дарамт үүсэж болзошгүй.
Эх сурвалж: Bloomberg, АНУ-ын Сангийн яам, Reuters, AP, Alphabet, Amazon, Intel
☎️ 7533 6677
🌐 www.OCHUN.mn