11/06/2026
**НАС БАРСАН ИРГЭНИЙ 1072 ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ ӨВЛҮҮЛЭХ ЗААВАР**
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 154 дүгээр тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан бол тухайн иргэний эзэмшиж байсан 1072 хувьцаа болон түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх ажиллагааг 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.
Иргэд та бүхэн дараах алхмын дагуу материалаа бүрдүүлэн холбогдох байгууллагад хандана уу.
**1-р алхам. Хувьцааны мэдээлэл шалгах**
Нас барсан иргэний регистрийн дугаарыг кирилл том үсгээр бичиж, **158989** тусгай дугаарт илгээн 1072 хувьцааны мэдээллийг шалгана.
**2-р алхам. Багийн Засаг даргаас тодорхойлолт авах**
Дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
• Өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ;
• Өвлүүлэгчийн хамгийн сүүлд оршин сууж байсан хаягийн тодорхойлолт;
• Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар;
• Шаардлагатай тохиолдолд төрөл садангийн лавлагаа.
Өвлүүлэгчийн хамгийн сүүлд оршин сууж байсан хаягийн тодорхойлолтыг багийн Засаг дарга нас барсны гэрчилгээг үндэслэн олгоно.
**3-р алхам. Хууль ёсны өвлөгч болохыг нотлох баримт бүрдүүлэх**
Өвлөгч нь өөрийн өвлөх эрхийг нотлох дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
• Хүүхэд нь өвлөх бол төрсний гэрчилгээ эсвэл төрсний бүртгэлийн лавлагаа;
• Эхнэр, нөхөр нь өвлөх бол гэрлэсний бүртгэлийн лавлагаа;
• Эцэг, эх нь өвлөх бол бүртгэлийн болон төрөл садангийн лавлагаа;
• Шаардлагатай тохиолдолд ХААТР-01 буюу хүүхэд төрүүлсэн тухай лавлагаа.
Бүрдүүлсэн материалаа өв нээгдсэн газрын нотариатад өгнө.
Хууль ёсны өвлөгчдийн зарим нь өв хүлээн авахаас татгалзах бол өвлөгч болохыг нотлох баримтаа бүрдүүлж, татгалзах хүсэлтээ өөрт ойр байрлах нотариатаар гэрчлүүлнэ. Тухайн орон нутагт нотариат байхгүй бол нотариатын үүрэг гүйцэтгэгчээр гэрчлүүлнэ.
Баримт бичиг бүрэн бүрдсэн тохиолдолд нотариатч “Өвлөх эрхийн гэрчилгээ” бичиж, нотариатын цахим системд байршуулна. Мөн хувьцаа болон ногдол ашгийг шилжүүлэх мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд цахимаар илгээнэ.
**4-р алхам. Үнэт цаасны данс шалгах, нээлгэх**
Өвлөгч нь E-Mongolia системээр үнэт цаасны данстай эсэхээ шалгана. Хэрэв үнэт цаасны дансгүй бол брокерын компанид хандан данс нээлгэнэ.
**5-р алхам. Баталгаажуулалт хийх**
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа болон түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчийн үнэт цаасны дансанд бүртгэж баталгаажуулна.
Иймд иргэд та бүхэн шаардлагатай баримт бичгээ бүрэн бүрдүүлж, холбогдох байгууллагад хандан үйлчилгээгээ авна уу.