16/02/2017
Ес эхлэж, жилийн хамгийн хүйтэн өдрүүд айсуй. Бид өвлийн улирлаар эрүүл мэнддээ илүү түлхүү анхаарал хандуулах шаардлагатай болдог. Үүнтэй холбогдуулан хүн тус бүр ядрах, ханиад томуу хүрэх, харанхуйд хэрхэн босож ажилдаа явах зэрэг олон зүйлд сэтгэл зовнидог билээ. Гэхдээ та багахан хүчин чармайлтаар тухайн асуудлуудыг даван гарах боломжтой юм.
Бодь даатгалын зүгээс та бүхэнд энэхүү давааг хэрхэн хамтдаа давах талаар цуврал зөвлөгөөг толилуулж байна.
ДОЛОО. ХООЛОЙН АНГИНА – ЧИМЭЭГҮЙ ТАХАЛ
- Хоолой хөндүүрлэх, өвдөх, идээлэх
- Улайх , шүлс залгихад хөндүүрлэх
- Толгой өвдөх, ядрах
- Бие арзайх даардас хүрэх
- Хүзүү чих орчмоор хөндүүрлэх, булчирхай цочих тэмтрэгдэх
- Бүх бие хүндэрч таагүй байх
- Нойргүй болох
- Заримдаа халуурах
- Хоолонд дургүй болох зэрэг ангины шинж тэмдэг илэрч байнга зовиурладаг бол та өөртөө анхаарал хандуулах цаг аль хэдийнэ болсон байна шүү.
Магадгүй таны аль нэг эрхтэн системд нэвтэрсэн эсэхийг мэргэжлийн эмчид хандаж тогтоолгоорой.
Ангина архаг болсон үед дээрхи шинжүүдээс гадна:
- Байнга ядрах
- Ходоод өвдөх
- Гэдэс үе үе базлах, гүйлгэх
- Бөөлжих, огиулах
- Хэл өнгөртөх
- Амьсгал хүндрэх
- Дуу хоолой өөрчлөгдөх
- Хоолонд дургүй болох
- Турах
-Толгой байнга өвдөх зэрэг ерөнхий шинж тэмдэг байнга илэрдэг.
Энэ тохиолдолд хүмүүс ихэвчлэн ходоод гэдэсний болон мэдрэлийн эмчид хандаж цаг алдах, буруу онош тогтоолгох явдал гардаг.
Танаас өөр таныг сайн мэдэх хүн хаана ч байхгүй. Тиймээс ТА доорхи асуултанд Тийм эсвэл Үгүй гэж хариулаад үзнэ үү. (Тийм гэсэн хариултын тоо их байх тусам танд асуудал үүссэн байна гэж дүгнэж болно).
- Та бага байхдаа ангинаар өвдөж байсан уу?
-Байнга ханиад хүрдэг үү?
- Толгой үе үе шалтгаангүй өвддөг үү?
- Сард 2 болон түүнээс дээш бие хүндэрч ядрах шинж илэрдэг үү?
- Хоолой үе үе эсвэл ихэнхдээ хөндүүр байдаг.
- Өглөө босоход амнаас эвгүй үнэр гардаг.
- Танай гэр бүлд хэн нэг нь /өвөө, эмээ болон ээж, аав, эхнэр эсвэл нөхөр, ах, эгч болон дүү, хүүхдүүд /хоолой нь байнга өвддөг үү?
- Таны үе мөчөөр өвддөг үү? / өвдөг, мөр, гарын хуруунууд г.м/
- Таны ууц нуруугаар байнга хөшиж өвддөг үү?
Ангин нь: Вирусын болон бактерийн халдвараар үүсдэг. Амьсгалын замын томуу, томуу төст ханиадийг үүсгэгч адено, рино, короно зэрэг вирусээр мөн А бүлгийн β гемолитик стрептококк, стафилококкийн олон хэлбэрүүд, зарим тохиолдолд бусад бактериар /микоплазм, хламид, нессера гоноррой/ халдварлаж үүсдэг өвчин.
Халдварлах зам: Агаар дуслын зам, ахуйн замаар халддаг.
Анхаарах зүйлс:
- Хувийн ариун цэврийг чанд сахих / өөрийн аяга, таваг, халбагатай байх/
- Хоолой өвдсөн тохиолдолд амны хаалт зүүж бусдад халдаахгүй байх
- Эмчид үзүүлж 7-10 хоног эмийн эмчилгээ хийлгэж байх
- Жилд, улиралд хэдэн удаа өвдөж байгаагаа тэмдэглэх
- Амны хөндийн ариун цэврийг сахиж шүдээ тогтмол / өдөрт 3-4 удаа/ угааж занших
- Шүдээ эмчид байнга үзүүлж хорхойтохоос сэргийлэх
- Хэрэв хорхойтсон эсвэл чулуу үүссэн бол эмчлүүлэх
- Хүүхдийн шүдийг өвдөөгүй эрүүл байхад нь эмчид үзүүлж зөвлөгөө авч сурах
- Хүүхдийн ам, уруул дээр үнсэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй.
Яагаад чимээгүй тахал гэж нэрлэв?
Эмчийн хяналтанд тууштай эмчлүүлэхгүй явсаар БӨӨРНИЙ АРХАГ ҮРЭВСЭЛ, ҮЕ МӨЧНИЙ ХЭРХ, ЗҮРХНИЙ ХАВХЛАГИЙН ГАЖИГ, БӨӨРНИЙ ДУТАГДАЛ зэрэг өвчин болон хүндэрсэн байдаг. Цаг алдаж хүндэрсэн дээрхи тохиолдолд таны бие, сэтгэл санаанд хохирол учраад зогсохгүй гэр бүл үр хүүхдүүдэд тань сэтгэл санааны төдийгүй санхүүгийн дарамт үүсдэг.