12/08/2015
Намсрай бол эдийн засгийн их бурхан.****** Намсрай бурханы зүрхэн тарни:УМ ВЭЭ СУХАЙ УМ ВЭЭ ШАРВАА НАЕЙ СУУХАА******
1) Намсрай бурхан болсон үлгэр ******
Эрт урьд цаг өвгөн эмгэн хоёр үрийн ганц хүүдээ Намсрай гэдэг нэр хайрлаж гэнэ. өвгөн эмгэн хоёр ганц хүүгээ амандаа хийвэл ууснам болбуу, алгандаа тавивал бөмбөрнөм болбуу” гэж хайрласаар хүү нь өдрөөс өдөр өсөж эрийн цээлд хүрээд нэгэн өдөр ээждээ ” ээжээ би өдий том болтлоо гадаа гарч орчлон ертөнцийн сонин сайхныг үзээгүй юм. одоо гадна дотно гарч үзье” гэж гуйхад аав ээж нь ядуу тул гурван алтан чямб өгч ” үүнийг замын зардал болгоорой, замдаа сайн яваарай ” гэж цацлаа өргөн хоцорсон гэнэ.
Намсрай гурван алтан чямбаа аваад явж байтал ээрэм цагаан хөдөө нэгэн анчин нум сумаараа нэг час улаан үнэгийг онилж байж гэнэ. Намсрай анчны дэргэд хүрч ” анчин ахаа тэр үнэгийг алахгүй байж болох уу ” гэж гуйж гэнэ. Тэгсэн чинь анчин ” одоо намрын сүүл өвлийн эх болж байгаа тул үнэгний арьс их үнэд хүрнэ, үнэгний арьсаар малгай хийвэл ч сайхан малгай болно” гэж хариулж гэнэ. Тэгээд Намсрай ” та тэр үнэгийг алахгүй бол би танд гурван алтан чямба өгье” гэсэнд анчин зөвшөөрөөд үнэгийг алалгүй мөнгийг нь аваад явж гэнэ. Тэгээд Намсрай хүү үргэлжлэн зам хөөгөөд явжээ. Уулыг даваж явтал нөгөө улаан үнэг хүрч ирээд ” амийг аварсан ах танд их баярлалаа, би уул нь улсын хааны хүргэн юм. хэрэв танд ямар хүчир бэрхшээл тааралдвал тэр харагдаж байгаа өндөр уулын элгэн хаданд хүрч ” үүдээ нээ гэж дуудвал би гараад ирнэ” гэж хэлээд алга болжээ.
Намсрай хүү их л хол газар хүрээд гэр орноо санаж нэг хоноод гарч гэр зүгээ явжээ. өвөл болж хүйтний эрч чангарч байсан тул нимгэн хувцастай Намсрай хүү дааран бээрч явтал нүүрс тээсэн хүмүүс тааралдаж нэг газар очиж нүүрсийг нь түлээд дулаацаж унтаад маргааш өглөө нь сэрэхэд нөгөө нүүрс тээсэн хүмүүс бүгдээрээ байхгүй гэнэ. Тэгээд аргаа барж үнэгний хэлсэн хаданд очоод ” хаалгаа нээ” гэсэн чинь ” нэг том дуутай мэлхий гарч ирээд ” та бүрээд ирэв уу, гараа над өг, нүдээ ань, нээ гэхэд нээгээрэй ” гээд баахан шуугьж байснаа “одоо нүдээ нээ” гэхээр нүдээ нээвэл ” нэг сайхан ордны үүдэн дээр байна гэнэ. Ордны хаалгаар нэгэн гоо үзэсгэлэн охин бас нэг залуу гарч ирээд ” та сайн ирэв уу, та намайг таньж байна уу” гэж асуусанд Намсрай ” танихгүй байна”гэж толгойгоо сэгсэрч гэнэ.
Тэгэхэд нөгөө залуу ” би үнэгт хувилаад явж байтал та миний амийг аварсан биз дээ, энэ бол лусын хааны охин” гээд дэргэд байгаа охиныг зааж гэнэ. Тэгээд алт мөнгө эд хөрөнгө юу ч авалгүй, зөвхөн бурхны өмнө тавиастай хоёр цагаан цэцгийн нэгийг нь аваад, эрднийн цэцгээр юу хүссэн бүхнээ авч , сайхан сэтгэлтэйгийнхээ эрхээр хожим нь бурхан болсон гэдэг.
***********
2) Намсрай бурхан нь эрт цагт санд нуусан их хэмжээлшгүй их эрдэнэс баялагыг олж түүндээ эзэн сууснаар эд баялагын эзэн бурхан хэмээх алдарыг хүртсэн гэх бас нэгэн тодорхоЙлолт байдаг бөгөөд “Тийн сонголт нэрт ягчис 999 хүүтэйгээс хамгийн бага хүү нь Намсрай гэх бөгөөд Бурханы шашиныг сахин хамгаалах сахиус болохоор тангаргалсан ” гэх домог ч байдаг.
Баян Намсрай бурхан нь хинду болон бурханы шашинд хоёуланд нь адилхан эд баялагын эзэн хэмээн шүтэгддэг байна. Түүний дүр байдал нь, биеийн өнгө алтнаас илүү үзсэглэнтэй шар, нэг тэргүүнтэй хоёр мутартай байхаас: баруун мутартаа эрдэнийн дуаз (жанцан) барьсан, зүүн мутартаа элдэв эрдэнээр бөөлжсөн үхэр огтоно барьсан, хэвтсэн дүртэй арслангийн дээр хагас завилгаагаар оршино. Намсрай бурханы амнаас эрдэнийн хур бууж өлссөн, цангасан, хоосорсон, амьтан бүгдийг зовлонгоос нь гэтэлгэсэн, үсээ эрдэнийн зүйлээр чимсэн, борогшү малгай өмссөн, биеэ янз бүрийн эрдэнийн зүйлээр ярайлган чимсэн, тэргүүнийхээ баруун, зүүн талыг нар сараар чимсэн, буман нарны үзсэглэнтэй, ихээхэн сэтгэл хангалуун, хийморлиг сүр жавхаатай ажээ. Шарын шашны ёсоор Намсрай нь:
1. Очирваань ядамын зарилгыг биелүүлэгч арван хангалын нэг чойжин сахиус
2. Найм дахь газрын бодисадвагийн хувилгааны дүрээр амьтны тусыг бүтээгч
3. Шарын шашны гурван төрлөхтний нэгийг хамгаалагч
4. Бурханы шашныг дааж ертөнцийн дөрвөн зүгийг хариуцсан их хаадын нэг юм
Ягчисын хаан гэж гардаг нь түүнийг хааны язгуурт өндөр төрөлтэйг харуулдаг. Намсрай нь өөрт нь хүсэлт тавьж, тахин шүтэгч хэн бүхэнд өөрсдийнх нь хүссэн бүх эд зүйлсыг соёрхдог тул түүний үр шимийг хүртэх сүсэгтэн олны сүсэг бишрэлээр Төвөд, Монгол зэрэг оронд өргөн дэлгэр шүтэгджээ. Мөн Балба, Бутан, Сикким, одоо Энэтхэгийн харъяаны Ладака зэрэг Төвөдийн шашины уламжлал өргөн дэлгэрсэн нутаг орнуудад төдийгүй Хятад, Япон, Солонгос гэх зэрэг их хөлгөний уламжлал түгсэн орнуудад ч гэсэн эрт үед түгээмэл дэлгэрсэн ба эдүгээ цагт ч шүтэгдсээр байгаа юм. Монгол орны хувьд Очирваань бурхан нь монголчууд нийтийн эзэн шүтээн мөн бөгөөд Чингис хааныг тус бурханы хувилгаан хэмээн үздэг. Эзэн Чингис эхээс төрөхдөө баруун гартаа нөж атгасан нь Очирваань бурхан баруун гартаа очир барьсантай дүйцүүлэн үздэг байна. Учир иймд Намсрай бурхан нь эзэн ядам болох Очирваань бурхан хаана залрана түүнийг дагаж зарилгийг биелүүлэн оршдог тул умар зүгийн Монгол орон нь Намсрай бурханы хувь язгуурт орон мөн билээ.
3) “Тэнгэрээс унасан” баян Намсрай бурхан
***********
Индиана Жонсын адал явдалтай кинонд гардаг шиг хачирхалтай нууцыг эрдэмтэд илрүүлжээ. Нацистууд Европт анх аваачсан баян Намсрай бурхны баримлыг солироор бүтээсэн болохыг Германы эрдэмтэд тогтоосон байна. Эрдэмтэд тэрхүү солирыг 10 мянган жилийн тэртээ Монгол-Сибирийн орчим унасан гэдэгт эргэлзэхгүй байна. Эрдэмтдийн “Төмөр хүн” хэмээн нэрлэдэг Баян Намсрай бурхны баримлыг IX-X зууны үед урласан гэх таамаг байдаг ч яг хэдэн настайг тогтоож чадаагүй байгаа гэнэ. Эд баялаг, идээ ундаа элбэгшихийн бэлгэдэл, дөрвөн зүг, найман зовхисын муу муухай бүхнийг дардаг догшин бурхан хэмээдэг Намсрай бурхны баримлыг никелийн өндөр агууламжтай, төмөр солирын ховор металаар урласан болохыг Германы Штутгардын их сургуулийн эрдэмтэн Элмар Бухнер олж тогтоосон аж. Бурхны баримлыг Германы амьтан судлаач Эрнст Шефер, СС-ийн дөрөвдүгээр рейхийн фюрер Генрих Гиммлерээр ахлуулсан экспедиц 1938 онд олсон аж. Арийчуудын гарал угсааг судлах зорилготой байсан тус экспедиц Түвдийг хөндлөн гулд туулсан гэдэг билээ. Баримлын цээжин дээрх Буддын шашны гүн утга агуулгатай хас тэмдгийг Нацистууд бэлгэ тэмдгээ болгохоор Герман руу авч явсан байж болох юм. Баян Намсрай бурхны баримал Германд 2009 он хүртэл хувь хүний цуглуулгад хадгалагдаж байгаад дуудлага худалдаанд орсон байна. Харин эрдэмтэд баримлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй судалж байгаа аж. 24 см өндөр, 10 кг жинтэй баримлыг маш хатуу солирын чулуугаар урласан хүн тэр материалыг жирийн бус гэдгийг мэдэж байжээ. Эрдэмтдийн тайлбарласнаар эртний олон соёл иргэншлийн хүмүүс тэнгэрээс унасан солирыг бурхны илгээмж мэтээр ойлгодог ойлголт түгээмэл байсан гэнэ. Штутгардын их сургуулийн эрдэмтэн Бухнер баян Намсрайн баримлыг Буддын шашин дэлгэрч байсан XI зууны үед урласан гэж таамаглаж байгаа гэнэ. Будда бурхны нарийн ур хийцтэй, үнэ цэнтэй баримлууд олон байдаг ч солирын чулуугаар урласан энэхүү бурхны баримлыг хосгүй үнэ цэнтэйд тооцож байгаа гэнэ.