13/03/2017
ЗАХ ЗЭЭЛИЙН ТОВЧ МЭДЭЭ:
- Дэлхийн хөрөнгийн зах зээлийн 1.3 хувийг эзэмшдэг Норвегийн Баялгийн сангийн мэдээлснээр "Дэлхийд хоёрхон улс буюу БНХАУ, АНУ-ын улс төрийн нөхцөл байдал олон улсад санхүүгийн эрсдэл бий болгож байна" гэсэн байна. 900 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Норвегийн Төрийн өмчит Баялгийн сангийн Гүйцэтгэх захирал Ингве Слингстад хэвлэлийнхэнд ярилцлага өгөх үедээ "2016 он болон өмнөх жилүүдийг харвал, дэлхийн эдийн засагт ердөө хоёр улс маш том, онцгой байр суурийг эзэлж ирсэн. Улс төрийн орчин нь дэлхийн санхүүгийн зах зээл бүхэлд нь бодит нөлөө үзүүлж байгаа орнуудаар АНУ болон БНХАУ-ыг нэрлэж болно" гэж мэдэгджээ.
- Банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөгөөр шинэчлэн тогтоосны хүрээнд тусгай зөвшөөрлүүд үргэлжлүүлэн олгогдож байна. Энэ удаад Санхүүгийн Зохицуулах Хороо ээлжит хурлаараа шаардлага хангасан ”Хан Алтайн нуруу”, “Гоулд Капитал Инвест”, “Дарь Финанс” гэсэн гурван компанид Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ. Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 2.5 тэрбумын босгыг эхний ээлжид зөвхөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулах шинэ байгууллагуудад мөрдүүлж байгаа аж.
- Монгол Улс уул уурхайн салбарт 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт татах боломжийг нээж, санамж бичиг байгуулсан талаар Уул Уурхай, Хүнд
Үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Оттавад болсон Монгол-Канадын дугуй ширээний уулзалт болон уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулган PDAC- ийн үеэр Монголын талаар хэлэлцүүлэг хийсэн нь дээрх үр дүнд хүрлээ. Пүрэв гарагт болсон Монгол- Канадын дугуй ширээний VII уулзалтад хоёр улсын Гадаад харилцааны сайд нараас гадна Уул Уурхай,
Хүнд Үйлдвэрийн сайд болон Канадын Азийн бүс нутаг хариуцсан сайд нар багтсан байна. Энэхүү уулзалт нь хоёр улсын улс төр, эдийн засаг, хөрөнгө
оруулалт, худалдаа, уул уурхай, барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол, соёл зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэсэн Засгийн газар хоорондын нүүрс тулсан уулзалт болжээ.
- БНХАУ-ын макро эдийн засгийн үзүүлэлтүүд 2017 оны эхээр тогтворжсон талаар тус улсын Үндэсний Статистикийн товчооны дарга Нин Жизе мэдэгдлээ. Тухайлбал, БНХАУ-ын аж үйлдвэрийн гарц оны эхний хоёр сард зургаан хувиар өссөн бол үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлт найман хувиар өсжээ.
Эх сурвалж: bloombergtv.mn; mba.mn