04/12/2024
Би анх 2014-2019 онд Монголынхоо 21 аймгийн 11,400 орчим километр газарт унадаг дугуйгаар аялсан. Тэр үед уулын өөд салхи сөрөөд явж байхдаа “Чи яг юу хийгээд, юуны төлөө эрдэнэ мэт ээлжийн амралтаа энэ бүхэнд зориулаад яваа юм бэ” гэж өөрөөсөө асуух, шантрах үе байсан. Гэхдээ зорьсондоо хүрсэн, аяллаа амжилттай дуусгасан.
Би одоо Солонгост ажиллаж, амьдарч байна. Ирснээсээ хойш далайн эрэг дагуу дугуйгаар аялна даа гэж бодоод л явсан. Цаг нар, ажил хөдөлмөр гээд амжихгүй, хойш тавих асуудал их байсан. Гэхдээ ингээд л хойшлуулаад байвал хэзээ ч бүтэхгүй юм байна гэж бодоод нэг л өдөр захирлаасаа чөлөө аваад, аяллаа эхэлсэн.
Энэ аяллын маань зорилго Солонгос улсад ажиллаж, амьдарч, сурч боловсорч байгаа 57 мянган элэг нэгтнүүддээ хэчнээн завгүй байсан ч өөрийнхөө дуртай зүйлд, эрүүл мэндэд заавал цаг гаргаарай гэдгийг уриалж, урам зориг өгөх юм.
Энд байгаа ихэнх Монголчууд үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл цаг наргүй хөдөлмөрлөж, бусадтай өрсөж ажилладаг. Бид ажлаа хийхээр өглөө гарахдаа, мөнгө олохын тулд шалтаг тоочдоггүй. Яг үүнтэй адил өөрийнхөө дуртай зүйлийг хийхдээ, өөрийгөө хайрлахдаа битгий шалтаг тоочоосой. Бид хэдий өглөө гараад орой харьдаг ч жаахан ч болов илүү гарсан цагтаа фитнесээр хичээллэж болно, ууланд алхаж ч болно. Ингээд эрүүл мэнддээ болоод өөрийн дуртай зүйлдээ цаг гаргаж чадвал эрч хүчээр цэнэглэгдэнэ, стресс ч тайлагдана. Өөрийгөө хайрлаарай, өөртөө цаг гаргаарай, дуртай зүйлээ өөрөөсөө холдуулж бүү орхиорой, үүнийхээ төлөө заавал нэг алхам хийгээрэй гэдгийг үлгэрлэхээр Солонгосын далайн эргийн дагуух дугуйн аяллаа эхлүүлсэн.
Бусад унадаг дугуйд дурлагч найз нөхөдтэйгөө ярилцаад аяллын хугацаанд хандивын аян эхлүүлээд, аяллын туршид цугларсан хандивыг тархины дөрөвдүгээр ховдлын хорт хавдартай нэгэн бяцхан охины эмчилгээнд зориулахаар болсон. Тэр бяцхан охинд амьдрал бэлэглэх сайн үйлсийн төлөө бидний дугуй жийсэн өдөр, хоног, цаг минут бүр утга учиртай байгаасай гэж хүсэж байна.