30/10/2026
🇲🇳 14 ДАВХРЫН ӨНДРӨӨС УНАХ АЮУЛД ОРСОН АЖИЛТНЫ АМИЙГ МОНГОЛ ЗАЛУУ АВАРЧЭЭ
БНСУ-ын "HEY NEWS сайтын мэдээлснээр", БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэн Батбаяр овогтой З. нь 14 давхрын өндрөөс унах аюулд орсон ажилтны амийг аварсан бахархам үйл явдал олны анхаарлыг татаж байна.
Уг хэрэг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр БНСУ-ын Чүннам мужийн Данджин хотын нэгэн орон сууцны хороололд болжээ.
Тухайн үед барилгын гадна хананд ажиллаж байсан ажилтны хамгаалалтын бүс тасарч, тэрээр 14 давхрын өндөрт агаарт дүүжлэгдэн, хэзээ мөдгүй унах аюултай нөхцөл байдалд орсон байна.
Яг энэ үед эсрэг талын орон сууцанд нүүлгэлтийн ажил хийж байсан, БНСУ-д амьдраад 7 жил болж буй Батбаяр овогтой З. тусламж хүссэн орилох дууг сонсжээ.
Тэрээр ажлаа нэн даруй зогсоож, ослын газар руу гүйж очсон байна. Улмаар тухайн ажилтны дүүжлэгдэж байсан 14 давхрын айлын оршин суугчаас тусламж хүсэж, тагтны хашлага даван биеэ сунгаж, унах аюулд орсон хүнийг гараараа барьж авчээ.
Аврах ажиллагаа маш эрсдэлтэй байсан бөгөөд дүүжлэгдсэн ажилтан өөрийгөө тогтоон барих хүчгүй болсон байв. Гэсэн хэдий ч Монгол залуу “Надад итгээрэй. Би таныг заавал татаж гаргана” хэмээн тайвшруулж, бүх хүчээ дайчлан ажилтныг тагтны дотор талд аюулгүй татаж гаргаж чадсан байна.
Ослоос долоо хоногийн дараа аврагдсан ажилтан түүнтэй дахин уулзаж, амь насыг нь аварсанд чин сэтгэлээсээ талархал илэрхийлжээ.
Одоогоор нүүлгэлтийн компанид багийн ахлагчаар ажиллаж буй Батбаяр овогтой З. нь гадаад ажилчид болон солонгос ажилтнуудын хоорондын харилцаанд гүүр болж, ажилдаа хариуцлагатай, бусдад үлгэр дуурайлал үзүүлдэг нэгэн гэдгээрээ хамт олондоо танигдсан байна.
Тэрээр тухайн үеийнхээ талаар:
“Би хурдан туслахгүй бол тэр хүн үнэхээр уначих юм шиг санагдаад гүйсэн. Солонгос хүн байна уу, Монгол хүн байна уу гэдэг чухал биш. Дахин ийм нөхцөл байдалд орсон ч аюулд өртсөн хүнийг харвал яг адилхан туслах байсан” хэмээн ярьжээ.
""Нэг хүний амийг аварсан энэ үйл явдал Монгол хүний зориг, хүн чанар, бусдын төлөө гэсэн сэтгэлийн тод жишээ боллоо.""
🇲🇳 Монгол хүн хаана ч явсан эх орныхоо нэрийг сайнаар дуурсгаж яваагийн нэгэн бахархам түүх юм.
Эх сурвалж: HEY News
📲 Апп татах:
https://shorturl.at/fYCQX
📞 Холбоо барих: 02-3409-1153