14/01/2026
Сүүлийн үед таны толгойд хамгийн их эргэлдэж байгаа бодол юу вэ?
💭 Ажил
💭 Мөнгө
💭 Ирээдүй
💭 Эсвэл зүгээр л ядаргаа юу?
Нэгэн газар "Бид яагаад амжилтанд хүрэхгүй байна вэ?" сэдэвт ээлжит хөөрөлдөөн болж байв. Энд 7 найз цугларсан боловч хэн нь ч юу ч хийгээгүй, зүгээр л 8 дахь найз Батыгаа муулж амны зугаа хийж сууцгаах авай.
Гэтэл Бат өглөө 5 цагт босож, фитнессдээ явчхаад, ажлаа амжуулаад, орой нь англи хэлний сургалтад суугаад, хажуугаар нь шинэ бизнес эхлүүлчихсэн явж байв.
Ингээд "Залхуурлын 7 баатар" Батыг хэрхэн муулж, өөрсдийгөө зөвтгөж байгааг сонсцгооё:
1. Төөрдөг ТӨМӨР (Төөрөгдөл: "Би юу хийхээ мэдэхгүй байна")
Төмөр: "Энэ Батыг хараач ээ! Юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй үсчээд л байх юм. Саяхан нэг подкаст эхлүүлчихсэн байна лээ. Би уг нь подкаст хийх гээд 3 жил судалгаа хийж, микрофоны брэнд судалж, логоны өнгөө яг тааруулах гээд бодоод л яваа шд. Гэтэл энэ Бат зүгээр л утсаараа бичлэг хийгээд цацчихаж. Ямар ч төлөвлөгөөгүй, бодлогогүй амьтан. Төгс хийх хэрэгтэй шдээ уг нь. Би яг төгс санаагаа олчоод эхэлнэ дээ..." (Төмөр 3 жил бодсоор л...)
2. Аймхай АМАРАА (Айдас: "Би чадахгүй байх")
Амараа: "Харин тийм ээ. Бат сая ажлаасаа гараад хувийн компани байгуулсан гэнэ. Ямар зоригтой тэнэг юм бэ? Бүтэлгүйтвэл яана? Өрөнд орвол яана? Би бол айгаад хөдөлж чадахгүй байна. Уг нь надад бизнес санаа байгаа л даа. Гэхдээ яаж компани бүртгүүлэх вэ, татвараас ирвэл яана гээд бодохоор л айдас хүрээд байх юм. Бат шиг ингэж эрсдэл үүрэхгүй ээ, би зүгээр л ТикТок үзээд хэвтэж байсан нь аюулгүй." (Амараа айсаар байтал Бат аль хэдийн анхны саяа олжээ)
3. Ичимхий ИДЭР (Хэвшмэл сэтгэлгээ: "Тэнэг харагдахаас айж байна")
Идэр: "Бат бүр лайв хийгээд бүжиглэж байна лээ, пээ паа! Хүний нүднээс ичдэггүй юм байх даа? Би бол хэзээ ч тэгж чадахгүй. Хүмүүс намайг юу гэж бодох юм? 'Идэр эргүү болчихож' гэж хэлнэ биз дээ? Бат уг нь алдсан ч хамаагүй туршаад л байх юм. Би бол алдахаас үхтлээ ичдэг болохоор юу ч хийхгүй байсан нь дээр. Тэнэг харагдсанаас зүгээр л... юу ч биш байсан нь дээр." (Идэр бусдын бодлоос айсаар байтал Бат олны танил болчихов)
4. Нойрмог НОРОВ (Нойрмог байдал: "Ядарч байна, эрч хүч алга")
Норов: (Эвшээлгэн) "Ёооё, Батын сториг үзсэн чинь би ядарчихлаа. Өглөө ууланд алхаад, өдөр нь усанд сэлээд... Энэ хүн ер нь унтдаг юм уу? Надад бол орноосоо босох ч тэнхэл алга. Яаж ийм эрч хүчтэй байдаг байна аа? Би зүгээр л 'маргааш эхэлье' гэж бодоод 5 жил болж байна. Одоо ганц дуг хийгээдэхье..." (Норов унтсаар л, Бат гүйсээр л...)
5. Хайнга ХАЛИУН (Хайхрамжгүй байдал: "Надад хамаагүй")
Халиун: "Бат англи хэлний C1 түвшин авсан гэнэ үү? Пфф, хэнд хэрэгтэй юм. Надад лав хамаагүй ээ. Англи хэлгүй ч амьдарч болно шд. Би уг нь суръя гэж боддог л доо, гэхдээ залхуу хүрээд 'За яахав дээ' гээд хаячихдаг юм. Бат шиг ингэж хичээж амьдрах шаардлага байхгүй ээ, 'Chill' амьдрах хэрэгтэй шд." (Халиун дотроо атаархаж үхэж байгаа ч гаднаа тоохгүй царайлав)
6. Хожимдсон ХОСБАЯР (Харамссан байдал: "Эхлэхэд оройтсон")
Хосбаяр: "Бат одоо 30 хүрч байж гитар сурч байна гэнэ. Ичээсэй билээ. Би уг нь гитар сурах мөрөөдөлтэй байсан. Гэхдээ одоо хөгшрөөд оройтсон шдээ. 20 жилийн өмнө л сурах байсан юм. Бат яахав дээ, азтай болохоор л сурч байгаа байх. Надад бол одоо бүх юм оройтсон..." (Хосбаяр нас тоолж суухад, Бат шинэ ур чадвараа гайхуулж эхлэв)
7. Зарлагч ЗАЯА (Таних тэмдэг: "Би зүгээр л залхуу хүн")
Заяа: "Та нар Батыг ойлгохгүй ээ. Тэр чинь робот. Харин би бол төрөлхийн 'Залхуу' ген-тэй хүн. Миний зурхай дээр 'Их унтвал баяжна' гэж буусан. Би өөрийгөө хүчлэхгүй ээ. Бат шиг ингэж зовж амьдарснаас зүгээр л буйдантайгаа нэгдэж шингэсэн нь дээр. Би бол залхуу, тэгээд л болоо." (Заяа өөртөө 'Залхуу' гэсэн шошго наагаад, түүндээ итгэчихэж)
ТӨГСГӨЛ:
Яг энэ үед Бат гаднаас хаалгаар орж ирэв. Тэр шинэ машинаа унаад, хажуудаа найз охиноо хөтөлчихсөн, маш жаргалтай харагдана. Бат: "Сайн уу залуусаа! Та хэд яг байрандаа л сууж байна уу? Би сая..."
Долоон найз зэрэг: "ҮЛГЭР ЯРЬЖ Л БАЙГАА БИЗ, ЧИ ЯМАР ЯДАРГААТАЙ ХҮН БЭ!"
Энэ түүхийг уншаад та эдгээр 7 дүрийн алинд нь өөрийгөө олж харсан бэ?
Заримдаа амьдрал, бизнес, эрүүл мэнд гээд бүх зүйл УХАМСАРТАЙ СОНГОЛТ-оос л эхэлдэг🍀