11/10/2023
ХАВДРЫН МАРКЕР ГЭЖ ЮУ ВЭ?
Хавдрын маркер гэдэг нь хүний биед хавдрын эс бий болсонтой холбоотойгоор нийлэгжиж эхэлдэг буюу цусан дахь агууламж нь ихсэж байдаг аливаа макромолекулуудыг хэлнэ. Эс хавдарт хувирах явцад хэвийн үед байдаггүй биологийн шинж бий болдог бөгөөд үндсэн төрхөөр нь хавдрын маркерыг:
* нуклейн хүчлийн
* уургийн
* үйл ажиллагааны хэмээн ангилна.
Хавдрын маркерыг эмнэлгийн салбарт голчлон урьдчилан сэргийлэх үзлэг, хавдрын анхдагч онош тавих, хавдрын байршил тогтоох (ямар эрхтний), хавдрын үе шат, цаашдын тавиланг тодорхойлох, эмчилгээний үр дүнг тооцох гэх мэт хорт хавдрын болон хавдрын бус эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээний хяналтанд хэрэглэдэг. Судлаачдын үзэж байгаагаар хавдрын маркерыг тодорхой хавдрыг эрт илрүүлэхэд ашиглах эсэх нь тухайн маркерын мэдрэг болон өвөрмөц шинж чанар, хэрэглээний эдийн засгийн үр ашгаас хамаардаг.
Хавдрын маркер нь дараах үндсэн шинжтэй байдаг.
1. Хавдраас өөр өвчинтэй буюу эрүүл хүмүүст үл тодорхойлогдох өвөрмөц чанартай байх
2. Нэн эрт үед буюу хорт хавдрын цөөхөн эс үүссэн үед ч тодорхойлогдох мэдрэг чанартай байх
3. Эрхтэнд өвөрмөц байх
4. Хавдрын үе шат, масстай хамааралтай байх
5. Өвчний тавилантай хамааралтай байх
6. Урьдчилан оношлох боломж нь найдвартай байх зэрэг байна.
Гэвч одоо хэрэглэгдэж байгаа хавдрын маркеруудаас энэ бүх чанарыг хангасан, тухайлбал 100% өвөрмөц, 100% мэдрэг “төгс” хавдрын маркер хараахан гараагүй байна. Өөрөөр хэлбэл хавдрын маркеруудад эдгээр шинжийн зарим нь илүү, зарим дутуу илэрсэн байдаг. Зарим маркерууд эрхтэнд өвөрмөц байдаг ба ихэнх маркерууд хавдрын үе шат, хэмжээнээс хамааралтай байдаг. Гэвч маркерын концентрациас хамааруулан үе шатыг тодорхойлох боломжгүй гэж үздэг.
Хавдрын маркерын олон ангилал байдаг ч илүү ойлгоход дөхөмтэйгээр нь илрүүлж байгаа эдээс нь хамааруулан ангилдаг.
1. Эсийн
2. Шингэний
3. Эсийн маркерыг хагалгааны материал, биопси зэрэг эдийн зүсмэг дотор иммуногистохимийн болон иммуноцитохимийн аргаар илрүүлдэг.
4. Шингэний- цусны ийлдэс, шээс, үрэвслийн шингэн гэх мэт биологийн шингэн, шүүрлүүдэд тодорхойлогддог.
* Хавдрын өвөрмөц антигенууд/маркерууд (TSTA-tumor-specific transplantation antigen)
* Хавдартай холбогдсон антигенууд/маркерууд (TADA-tumor associated differentation antigens).
Энэ бүлгийн антигенуудыг хавдрын антиген гэж буруу нэрлэж хэвшсэн. Хавдрын эс үүсэж, үржих, ялгаран хөгжихийн үр дүнд ялгаруулалт нь нэмэгдэж байдаг молекулууд юм. Хавдар бүр олон хэлбэрийн TADA ялгаруулдаг боловч тэдгээрээс тодорхой хэсэг нь тухайн хавдрын үед харьцангуй өндөр мэдрэг чанартай байж байж ихэсдэг байна.