26/06/2025
Аудит бол зөвхөн хууль биелүүлэх хэрэгсэл бус — бизнесийн үнэ цэнийг тодорхойлогч хүчин зүйл
Өнөөдөр бизнесийн орчны ил тод байдал, хөрөнгө оруулагчдын итгэлцэл, байгууллагын санхүүгийн сахилга бат нь зөвхөн компанийн амжилтыг тодорхойлоод зогсохгүй, урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь нөхцөл болдог. Үүний тулгуур багана нь мэдээж — үнэн зөв, иж бүрэн, олон улсын стандартын дагуу бэлтгэгдсэн санхүүгийн тайлан юм. Гэхдээ санхүүгийн тайлангийн үнэн зөв эсэхийг баталгаажуулах хамгийн чухал алхам бол хараат бус аудитын дүгнэлт байдаг.
Гэвч зарим байгууллага аудитын ач холбогдлыг зөвхөн хууль, тайлан тушаах хүрээнд хязгаарлаж ойлгодог нь стратегийн томоохон алдаа болдог. Энэ сэдвийн хүрээнд бид Монголын аудитын салбарт идэвхтэй ажиллаж буй, хараат бус, мэргэжлийн үйл ажиллагаагаараа амжилттай байр сууриа олсон “Солид Юнити Аудит” ХХК-ийн захирал Э.Мөнхтогтох-той ярилцлаа.
𝗔: Санхүүгийн тайлангийн аудит гэж яг юу вэ? Байгууллагуудад яагаад зайлшгүй шаардлагатай байдаг вэ?
𝗫: Санхүүгийн тайлангийн аудит гэдэг нь тухайн байгууллагын тайланг Аудитын олон улсын стандартын дагуу шалгаж, материаллаг буруу илэрхийллээс ангид эсэхэд хараат бус баталгаа өгөх мэргэжлийн үйлчилгээ юм. Үүгээр дамжуулан байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үнэн зөв байдал, засаглалын ил тод байдал, дотоод хяналтын үр дүнг нягталж, тайлангийн хэрэглэгчдэд (хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, банк, тендерийн байгууллага гэх мэт) итгэлцлийг бий болгодог.
Хуулийн шаардлага хангах нь нэг хэрэг. Харин итгэлцэл бий болгож, бизнесийн нэр хүндийг баталгаажуулах нь аудитын жинхэнэ үнэ цэнэ юм.
𝗔: Аудит хийлгэснээр байгууллагуудад ямар давуу талууд бий болдог вэ?
𝗫: Юуны өмнө байгууллагын үйл ажиллагаа, санхүүтэй холбоотой тодорхой бус байдал, залилан, алдааг илрүүлж, засч залруулах боломж бүрдэнэ. Дотоод хяналт сайжирч, шийдвэр гаргалтын чанар дээшилнэ.
Мөн цаашдын бизнесийн хэтийн төлөв, хөрөнгө оруулалт, зээл авах, түншлэл байгуулах зэрэгт үнэн зөв тайлагнасан, аудитын дүгнэлттэй тайлан нь шийдвэр гаргагч талуудад итгэл төрүүлдэг. Энэ бол байгууллагын хувьд бизнесийн томоохон хөшүүрэг юм.
𝗔: Танай компанийн онцлог, мэргэшлийн чиглэлүүдийн талаар танилцуулбал?
𝗫: Манай компани болох “Солид Юнити Аудит” ХХК нь 2019 онд үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын Сангийн яамнаас аудитын тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаагаа явуулж байна. Бид уул уурхай, худалдаа, боловсрол, түрээс, үйлдвэрлэл, зөвлөх үйлчилгээ зэрэг олон салбарт аудит хийж ирсэн туршлагатай. Манай мэргэшсэн баг Аудитын болон Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартуудыг бүрэн нэвтрүүлж, хараат бус байдал, мэргэжлийн ёс зүй, ил тод байдлыг баримтлан ажилладаг.
Мөн бид Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн жил бүр хөндлөнгийн аудитын зөвшөөрөл бүхий компаниудын санхүүгийн тайлангуудыг нэгтгэж, аудитын үйл ажиллагааны зах зээлийн багтаамж, үйл ажиллагааны цар хүрээгээр буюу орлогоор эрэмбэлэхэд үйл ажиллагаа явуулж буй 184 компаниас 2023 онд 15-р, 2024 онд 18-р байрт эрэмбэлэгдсэн.
𝗔: Монголын бизнесүүдэд аудитаар нийтлэг илэрдэг алдаа, эрсдэлүүд юу байдаг вэ?
𝗫: Нэлээд нийтлэг, давтагддаг алдаанууд бий. Тухайлбал:
→ Авлагын данс баталгаажуулагдаагүй, үнэ цэнийн бууралтаа тооцоогүй,
→ Бараа материалын үлдэгдэл бодитоор байхгүй, үнэлгээ буруу,
→ Үндсэн хөрөнгийн элэгдэл буруу, ашиглалтгүй хөрөнгө бүртгэлтэй байх,
→ Орлого, зардлын хүлээн зөвшөөрөлтийн стандарт зөрсөн,
→ Хойшлогдсон татварын хөрөнгө, өр төлбөрийг бүртгэдэггүй, зөрүүтэй бүртгэх,
→ Татварын тооцоолол алдаатай.
Эдгээр нь татварын эрсдэл, тайлангийн зөрүү, хөрөнгө оруулагчдын итгэлийн алдагдал, тендер болон гэрээний болзол хангаагүй шалтгаан болдог.
𝗔: Аудит хийлгэх гэж буй байгууллагуудад ямар зөвлөгөө өгөх вэ?
𝗫: Аудит бол байгууллагын "эрүүл мэндийн үзлэг" юм. Тиймээс дараах бэлтгэлийг сайн хийх хэрэгтэй:
→ Санхүүгийн тайлангаа хуулийн дагуу бүрэн баталгаажуулах,
→ Журнал, дансны хуулга, татварын тайлан мэдээ, гэрээ, актуудыг бэлэн байлгах,
→ Компанийн гэрчилгээ, эзэмшигчийн мэдээлэл, эрх бүхий байгууллагын хяналт шалгалтын баримт
→ Санхүүгийн системийг зөв ашиглаж, анхан шатны баримтын бүрдэлтэй байх
Хамгийн чухал нь аудит хийлгэхийн зорилго зөв байх хэрэгтэй — зөвхөн e-balance-д тайлан өгөхийн төлөө биш, байгууллагын үнэн төрх, бизнесийн үнэ цэнийг тодорхойлохын тулд хийлгэх нь зүйтэй.
𝗔: Танай компанийн хэтийн зорилго юу вэ?
𝗫: Бидний ойрын зорилго бол олон улсын жишигт хүрсэн, хараат бус мэргэжлийн аудитын үйлчилгээ үзүүлдэг байгууллага болох. Энэ хүрээнд дэлхийн томоохон аудитын сүлжээ компанийн гишүүнчлэлтэй болохыг зорьж ажиллаж байна. Энэ нь Монголын аудитын салбарт олон улсын туршлага, аргачлал, чанарын хяналтыг нутагшуулах стратегийн чухал алхам юм.
𝗔: Эцэст нь, байгууллагуудад хандаж юуг онцолж хэлэх вэ?
𝗫: Санхүүгийн тайлан бол зүгээр нэг тоон мэдээлэл биш — байгууллагын үнэн төрх, бизнесийн нэр хүндийн тусгал юм. Аудит нь үүнийг баталгаажуулах хамгийн үр дүнтэй арга. Бид “Солид Юнити Аудит” ХХК нь байгууллагуудын итгэлтэй түнш болж, ил тод байдал, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсаар байх болно.
__________
Солид Юнити Аудит ХХК-ийн тухай
Санхүү, нягтлан бодох бүртгэлийн зөвлөгөө өгөх, хөрөнгийн үнэлгээ хийх чиглэлээр 2019 оны 9-р сард үүсгэн байгуулагдсан Солид Юнити ХХК нь Монгол Улсын Сангийн сайдын 172-2019 дугаар бүхий “Аудитын үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг авснаар Солид Юнити Аудит ХХК нэртэйгээр аудитын салбарт бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэн, улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Солид Юнити Аудит ХХК нь аж ахуйн нэгж, байгууллагуудад мэргэжлийн, хараат бус, олон улсын стандартад нийцсэн аудит ба баталгаажуулах үйлчилгээ болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ гэсэн үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Аудит ба Баталгаажуулах Үйлчилгээ
→ Санхүүгийн тайлангийн аудит
→ Санхүүгийн тайланг нягтлах ажил
→ Бусад баталгаажуулах ажил
→ Санхүүгийн холбогдох үйлчилгээ
Зөвлөх Үйлчилгээ
→ СТОУС, НББОУС-ын зөвлөгөө
→ Нягтлан бодох бүртгэлийн бодлогын бичиг баримт боловсруулах, зөвлөх
→ Нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг
→ Цалин хөлс тооцоолох цогц үйлчилгээ
Бид таны бизнесийн өнөөдрийн үйл ажиллагааг хянаж дүгнээд зогсохгүй, маргаашийн амжилтыг хамтдаа төлөвлөнө.
9906-3227, 9909-1993
[email protected]