29/03/2026
Акт (хөдөлмөрийн чадвар түр алдсан тухай магадлагаа)
Хөдөлмөрийн чадвар түр алдсан магадлагаа (pracovní neschopenka) буюу манайхны ярьдгаар акт авахдаа өвчний байдлаас шалтгаалж өдөртөө гарах цагийг (vycházkový čas) эмчээрээ бичүүлж болдог.
Эмч (голдуу өрхийн эмч) тухайн хүний биеийн байдлыг харгалзан өдөрт дээд тал нь 6 цаг (энэ нь гэхдээ зөвхөн өдрийн цагаар буюу 7-19 цагийн хооронд) гадуур, агаар салхинд гарах, дэлгүүр хоршоо орж хүнсээ авах гэх мэтэд зориулан бичиж өгч болно. Энэ цагийг 2 хувааж буюу үдээс өмнө, үдээс хойш тус бүр бичүүлж болдог.
Акттай байх үед эхний 14 хоногт ажил олгогч, 15 дахь хоногоос хойш хотын Нийгмийн халамжийн газар (социалка гэдэг - OSSZ) тухайн ажилтны акт дээрээ бичүүлсэн хаягаар шалгалт хийдэг. Шалгалтыг актан дээр бичигдсэн гарах цагаас бусад үед хийнэ. Актны мөнгө ч мөн эхний 14 хоногийнх нь ажил олгогчоос, бусад хоног нь Нийгмийн халамжийн газраас ордог.
Актны гарах цагаас өөр үед шалгалт ирэхэд хаяг дээрээ байгаагүй бол тухайн шалгасан газарт (ажил олгогч эсвэл социалка) тайлбар өгөхийг шаардсан бичгийг шуудангийн хайрцагт эсвэл үүдэн дээр наагаад орхидог.
Хэрэв гарах цагийнхаа үеэр эмнэлэгт үзүүлж байсан, эмчилгээ шинжилгээ зэргийг хийлгэж байсан бол энэ тухай тодорхойлолтыг заавал авч, шалгалтынханд үзүүлж тайлбарлах хэрэгтэй.
Бусад шалтгаанаар гэртээ байгаагүй бол хөдөлмөрийн журам зөрчсөнд тооцож арга хэмжээ авагддаг: Үүнд:
Актны мөнгийг багасгах, эсвэл бүр цуцлах
Нийгмийн халамжийн газраас торгууль тавих
Ажил олгогч уг ажилтанг ажлаас халах хүртэл арга хэмжээ авах эрхтэй.
Ийм асуудалд орохоос зайлсхийхийн тулд овог нэрээ гадаах хонх, шуудангийн хайрцаг дээрээ латинаар (гадаад паспорт дээр байдаг шиг) тодорхой гаргацтай бичиж наасан байх, шалгалт ирж болзошгүй гэж үзэж хонхоо ажиллагаатай байгаа эсэхийг шалгах, хонх дуугарвал тэр даруй гарч, бичиг баримтаа үзүүлэх, хамгийн гол нь эмчилгээний дэглэмээ барьж гэртээ байх хэрэгтэй. Эс тэгвэл актыг буруу зорилгоор авсан, ажил хийдүүлж эмчилгээнээс өөр зүйлд ашигласан гэх асуудал гардаг.
Мөн зарим хүн акттай байх үедээ амралт, баяр ёслолын өдрүүдэд ийш тийш явж, энэ хойгуур нь шалгалт ирэх тохиолдол байна. Ямарваа өвчин ажлын өдрүүдээр өвдөж, амралт баяр ёслолын өдрүүдэд зүгээр болдог, дараа нь ажлын өдөр залгаад өвдөнө гэх зүйл мэдээж байхгүй.
Тиймээс актны шалгалтыг амралт баярын өдрүүдэд ч, заримдаа шөнийн цагаар ч хийдгийг анхаарч байхыг зөвлөе.
Эмч актыг цахимаар нээж, нийгмийн халамжийн газарт илгээнэ, НХГазраас ажил олгогч руу мөн цахимаар явуулдаг.
Өвчтөнд актыг цаасан дээр бичиж өгөхдөө дараа хэзээ ахин үзүүлэх огноо цагийг бичнэ.